About Blue Nun
Blue Nun

Wine Surprise 2012 уралдаанд түрүүлж Герман улсад аялаад ирсэн хосуудын аяллын тэмдэглэл

Blue Nun герман дарсны үйлдвэр Langguth болон Everyday International компани хамтран жил бүр зохион байгуулдаг Blue Nun дарс сурталчилгааны 2012 оны тэмцээний ялагч болж герман орны үзэсгэлэнт газруудаар аялах эрхийгхожсон нь бид хоёрынхувьд энэ жилийн хамгийн баяртай, сэтгэл хөдөлгөм үйл явдал байлаа. Усан үзмийн ургац хураалтын улирал болох намрын улирлыг дөхүүлээд 8-дугаар сарын сүүлээр Wine Surprise 2012 тэмцээний бусад гурван ялагчдынхаа хамтаар аялалдаа гарсан юм.

           Германы Frankfurt Main хотын галт тэрэгний буудал дээр Ирина Речке эгч мань биднийг маш халуун дотноор угтаж авсан бөгөөд хоёр цаг орчим машинаар явж герман орны хамгийн үзэсгэлэнтэй, хамгийн эртний дарсны нутаг болох Mosel голын бүс нутгийн Traben-Trarbach хотод очсон ба тэндээ бид аяллын тав хоногийн турш байралсан.

Дараах өдрөөс нь эхлээд л Mosel голын бүс нутгийн хотуудын түүх соёлтой танилцах, Langguth компанийн үйлдвэрээр аялах, дарс хэрэглэх соёл болон усан үзмийн тариалан эрхлэх арга ухаантай танилцах гээд сонирхолтой хөтөлбөр биднийг хүлээж байсан юм. Эртний Ромын соёлыг шингээсэн Trier, анхны гудамжны гэрэлтүүлэг чимэглэл хийсэн Traben-Trarbach, дэлхийд эрдэнийн чулуугаараа алдартай Idar-Oberstein, Mosel-ийн хамгийн эртнийхот Bernkastel - энэ бүгд Mosel-ийн жуулчдын хамгийн их сонирхдог баялаг түүхтэй соёлын өвт хотууд нь юм.

Mosel

Mosel голын бүс нутаг нь Германы алдарт аялал жуулчлалын бүс, Алпийн нуруунаас хойш байрлах хамгийн үзэсгэлэнтэй голыг даган байрлах байгалийн үзэсгэлэнт газар юм. Мушгираа хэлбэртэй урсах Mosel голыг даган баялаг ногоон ой, модот уул толгод байрлах бөгөөд усан үзмийн тариалангийн талбай, уулын сүрлэг эгц тохой,  хуучныбаялаг түүхтэй хот, суурин, цайз, эелдэг найрсаг оршин суугч иргэд, голыг үзэмжийг нэмэх үзэсгэлэнт хун шувуу, галуу гээд - энэ бүхэн жуулчдын анхаарлыг татахгүй байхын аргагүй үлгэрийн мэт мэдрэмж төрүүлнэ.

Манай эриний өмнөх 500 оны үед Кельтууд Mosel-ийн бүс нутагт өндөр соёлтой сууринг бий болгосон юм. Үүний дараагаар Цезарь болон Ромууд ирж маш өндөр туршлагатай дарсны соёлыг түгээсэн.Суурин амьдрал үүсээд мянга мянган жил өнгөрсний дараагаар Франкууд гарч ирэн маш олон сүм дуган босгосон байна.

Францын эзлэн түрэмгийллээс үүдэлтэй дайн болж ядуурал үүссэнээс улбаалж оршин суугчид усан үзмийн тариалан эрхлэх болж, уурын усан онгоц, төмөр зам барьснаар өнөөдрийн аялал жуулчлалын бүс нутаг болохын эхлэл нь тавигджээ.Mosel-ийн бүс нь европын хамгийн эртний бие даасан суурин соёлтой, үзэсгэлэнт байгалийн бүс нутаг юм.

 Mosel ба дарс

Кельтууд Грекийн усан үзмийн тариалан эрхлэх арга ухааныг мэддэг байсан байна.Ромууд Германд жинхэнэ Итали дарсыг оруулж ирэн Mosel болон Rhine орчим өөрсдийн усан үзмийн тариалангаа эрхэлж эхэлсэн ба тэр үеэс л дарсны үйлдвэрлэл соёл дэлгэрч Mosel дагуу амьдрах ард иргэдийн амьдралын гол хэв маяг болсон байна.

Mosel-ийн дарс Reisling нь усан үзмийн нэгэн сорт бөгөөд минералиар баялаг Mosel бүсийн хөрсөнд удаан хугацаанд ургадаг учир хэт эрт болон хэт орой хяруу унахад энэ сортын ургац эмзэг биш байдаг байна.Reisling-ийн дарс нь чихэрлэг зөөлөн, алкохол багатай европын эрхэм дээд цагаан дарсны нэг бөгөөдMosel-ийн хөндийн нийт усан үзмийн тариалангийн 60 хувийгэнэхүү сортын усан үзэм эзэлдэг.

Traben-Trarbach

Traben-Trarbach ихэр хотууд нь Mosel голын тахир мушгиа хөндийг даган байрладаг ба 1898 онд гүүрээр холбогдсон бөгөөд 200 жилийн турш Mosel-ийн хамгийн баян газар хэмээгдсээр иржээ. 

Кельтууд болон Ромуудын үеийн археологийн олдворууд Mosel-ийн бусад газруудаас илүүтэйгээр олддог байна.Traben болон Trarbach нь дундад зууны үеийн олон барилга байшинтай байсан ба 18-аас 19-р зууны их хэмжээний түймэрт ихэнх нь устжээ.Маш олон югандстилийн барилга байшин, түүхэн дурсгалт Traben-Trarbach хот нь цахилгаан энергийг усан цахилгаан станцаар гарган авдаг бөгөөд Германы хамгийн анхны гудамжны гэрэлтүүлэг чимэглэл хийсэн хотгэдгээрээ алдартай.Traben-Trarbach нь Grevenburg цайзын балгас, 1761 онд баригдсан Kayser байшин, 1833 оны Казиногийн нийгэмлэгийн танхим, эртний барроко маягийн италийн ордон Villa Sonora гээд сонирхолтой түүхэн дурсгалт барилга байгууламжуудтай бөгөөд сонирхол татам хачирхалтай түүхүүдтэй санагдсан.шилтгээн, сүм хийдүүдхотод өнгө үзэмжтэй, дэвжин цэцэглэсэн таатай уур амьсгалыг бүрдүүлдэг.

Trier

Ромуудын Mosel-тэй холбоотой түүх манай эрний өмнөх 56 онд Цезарь Treveti-ийн нутгийг эзлэн түрэмгийлэх үеэс эхлэлтэй. Ромууд ухаалаг боловч догшин хэрцгий байсан учир Кельтуудын бүтээсэн өндөр хөгжилтэй соёлын өвүүдийг устгаж Mosel болон Rhine дээр Augusta Treverum(Trier), Koblenz, Bonn, Cologne гэх анхны хотуудаа байгуулсан байна.Тэд сүр хүчээ үзүүлэхийн тулд халуун усны газар, худалдааны гудамж, стадион, байшин, зам гэх мэт шинэлэг, хүчтэй сэтгэгдэл төрүүлэм барилга байгууламжуудыг барьж эхэлсэн.Ромын соёлоос үлдсэн Trier хотын Porta Nigra нэртэй хар хаалга нь Trier хотыг хамгаалж, гаднаас халдах дайсанд сүр хүчийг мэдрүүлэх зорилгоор баригдаж байсан бол одоо цагт Trier хотыг илтгэх уран барилга болсон байна.Ромуудыг санагдуулах олон тооны байшин, сүмүүд Trier хотод хадгалагдан үлджээ.Trier-ийн Porta Nigra хар хаалга, Gothic St.Mary-ийн Basilica сүм, Constatine Basilica сүм, Cathedral сүм, Ромын стадион, St.Gangolf-ийн усан ориглуур, St.Georg-ийн усан оргилуур гэх мэт өөр өөрийн гэсэн өвөрмөц түүхтэй барилга байгууламжууд өнөө үед жуулчдын үзэж сонирхдог гол үзвэрүүд болжээ.

Bernkastel-Kues

Bernkastel-Kues ихэр хотууд нь Mosel голын дагуу орших Tiefenbach уулын хөндийн аманд байрладаг.Эдгээр хотууд нь 1905 онд гүүрээр холбогдсон юм.Анхнаасаа бие даасан дарсны суурин газар болох Andel болон Wehlen нь энэхүү хотод харьяалагддаг. Энэхүү нутгийн байшингууд нь бараг чулуун зэвсгийн өмнөх үеээс үүссэн гэдгийг (манай эриний өмнөх 4000-3000 он)  Kues-д 1962 онд олж нээсэн бөгөөд Mosel-ийн хамгийн эртний суурин гэдгээрээ танигдах болжээ. Хамгийн анх 7-р зууны үед энэхүү газар нутгийн талаар албан ёсоор тэмдэглэж эхэлсэн.

1017 оны үед Trier Archbishop Poppo Bernkastel гэгч цайз хэрмийг устгаж газар нутгийг нь өөрийн эзэмшилдээ авсан ба 1277 онд Landshut шилтгээн нь Archbushop Heinrich von Vinstingen-ы хүсэлтээр баригджээ.

Байгалийн үзэсгэлэнтэй зохицон харагдах сонирхол татам герман хотын архитектурыг харуулсан нарийн модоор засаж чимэглэ

сэн байшин барилгуудтай худалдааны гудамж, түүхэн сүм шилтгээн гээд үзэж сонирхох дурсгалт газрууд олон бий.

Idar-Oberstein

Birkenfeld дүүргийн Idar Oberstain нь эрдэнийн чулууны хот гэдгээрээ их алдартай.Idar болон Oberstein хотууд Daun-Oberstein бароны мэдэлд харьялагддаг байж.1865 онд Idar болон Oberstein хотууд нь хот хэмээн хүлээн зөвшөөрөгдөж 1933 онд нэгдэж Idar-Oberstein болсон юм.18-р зууныг хүртэл гартаам болон хаш чулууны эх булаг байв.Бага зардлаар ажиллан эрчим хүч зарцуулах бололцоо нь эрдэнийн чулуу боловсоруулах үйлдвэрлэл хөгжин дэвшихэд нөлөөлсөн юм. Nahe гол нь тээрэмд чулуу зүсэх , өнгөлөх машинуудыг ажиллуулах үнэгүй эрчим хүчээр хангаж байсан юм.


18-р зууны үед иргэдийн аж амьдрал улам л муудсаар байлаа.Ихэнх иргэд нь гадагшаагаа нүүсэн юм.Гэсэн хэдий ч эрдэнийн чулууг зөөвөрлөн худалдаалж гэртээ иргэн ирэх аргыг олсоноор эрдэнийн чулууг хамгийн сайн боловсоруулдаг европын хотуудыннэг болсон байна.

 

 

Бидний аяллын хөтөлбөрт хотын түүхэн дурсгалт байгууламж, сүмтэй танилцахаас гадна эрдэнийн чулууг боловсоруулах, үйлдвэрлэх үйл явцыг үзүүлэх хөтөлбөр орсон байсан юм.Эрдэнийн чулууг боловсоруулах үйл явцыг хараад маш нарийн хөдөлмөр шаардсан ажил болохыг нь ойлгосон.Гараар чулуу бүрийн гадаргууг нь зүсэж, хэлбэрт оруулж, өнгөлөх бөгөөд их цаг хугацаа, мэдрэмж шаарддаг болохыг нь ойлгосон.Мөн эрдэнийн чулуу бүр нь өөрийн гэсэн хүний биед эерэг сөрөг нөлөө үзүүлэх увидастай юм.Тэрхүү эрдэнийн чулууны үйлдвэрээс аяллын багийнхан мань өөрсдийн эрүүл мэндэд хэрэгтэй чулуугаа олж аваад их сэтгэл хангалуун гарцгаасан.

Мөн аяллын мань бас нэгэн сонирхолтой хэсэг бол Blue Nun дарсыг үйлдвэрлэгч Langguth компанийн үйлдвэрийг үзэж, үйл ажиллагаатай нь танилцсан явдал байлаа. Маш нарийн технологи, үйлдвэрийн машин, дарс хадгалах торх,гээд л дарс үйлдвэрлэхэд хичнээн нарийн арга ухаан, хүч хөдөлмөр оролцдог болохыг бид өөрсдийн нүдээр үзэж танилцсан.Langguth компани нь дарс гарган авах, хадгалах, түгээх гээд бүхий л үе шатандаа дарсны чанарыг дээд зэргээр эрхэмлэдэг болохыг бид үе шат бүртэй танилцах үедээ ойлгосон.Мөн дарсны найрлаганд орох ургацыг маш нарийн лабораторийн үзлэгээр шалгаж чанарын шаардлага хангасан тохиолдолд дараах үе шатруу оруулдаг бөгөөд өөр байгууллагуудаас ч өөрсдийн ургацын чанараа шалгуулахаар Langguth компанийн лабораторид ханддаг юм байна.

 

Аяллын хамгийн сохирхолтой хэсэг нь миний хувьд усан үзмийн талбайгаар явж, түүнийг хэрхэн ургуулж арчилдаг тухай зөвөлгөө сонсох  байсан. Чийглэг дулаан бүсэд ургадаг усан үзмийг тарьж ургуулахад хичнээн их тэвчээр, хүч хөдөлмөр ордгийг усан үзмийн тариалангийн ажлыг нялхаасаа өвлөн авсан Strauswirtschaft Wirth-ын эзэн ах мань бидэнд их ойлгомжтой тайлбарлаж өгсөн.Шинээр тарьсан усан үзмийн модгурав дахь жилээсээ эхлэн жил бүр ургацаа өгж эхэлдэг байна.Бүрэн гүйцэд боловсорсон ургац авахын тулд мод бүрднарны гэрэл сайн тусгах хэрэгтэй бөгөөд үүний тулд уулын бэл орчим налуу газарт усан үзмийн модоо төмөр утсаар хажиж тарьна.Мөнусан үзмийг сүүдэрлэх навч урган гарч ирэх бүрд нь тогтмол хайчилж өгдөг.Усан үзмийн модны доод хэсэгт нь ургасан ургац нь бүрэн гүйцэд боловсордог бөгөөд дээд хэсэгт нь ургасан жимс нь дутуу боловсорсон байдаг учир ашигладаггүй байна.Усан үзмийн мод хоорондын зайн нь нэг метр орчим байдаг ба эгнээ сөөлжилжмодод хоорондох хөрсөнд нь өвс тарьдаг.Энэ нь мод бүрусыг хөрснөөс жигд шингээж авахад нь тустай байдаг байна.Усан үзмийн моддыг тарьхаас эхлүүлээд түүний ургацыг хураах үйл явц нь хүртэл маш нарийн хүнд ажил байдаг байна.Усан үзмийг гэмтээхгүйн тулд эгнээ бүрээс ургацыг гар аргаар түүдэг бөгөөд орчин үед зарим нэг ургац түүх, тариалах үйл ажиллагааг хөнгөвчилсөн техник машинууд гарсан ч ихэвчлэн гар аргаар түүхийг илүүд үздэг байна.Ингээд ургацаараа дарс хийж хамгийн багадаа нэг жил дарсны дараа энэхүү хүнд ажлынхаа үр шимийг хүртдэг юм байна.Ийнхүү “Гарган авсан дарсаа хэрхэн хүмүүст таниулж, худалдаалах вэ?”гэдэг асуулт дарс үйлдвэрлэгч хэн бүхний хувьдхамгийн чухал байдаг бөгөөд Strauswirtschaft Wirth-ын эзэн мань дарсаа хүмүүст таниулах үүднээс өөрийн гэсэн зуны ресторан байгуулжээ.Strauswirtschaft Wirth-ын ах мань бидэнд тариалангийн талбайгаа үзүүлснээс гадна биднийг өөрийн ресторандаа амттай хоолоор дайлж, дарсныхаа дээжээс амтлуулж, аж ахуйнхаа талаар сонирхолтой яриа өрнүүлсэнд бидний зүгээс их талархууштай санагдсан.

Нэг сортын усан үзмийн дарс ч жил жилийн ургацаас шалтгаалан өөр өөрийн өвөрмөц амттай болдог бөгөөд ийм их хүч хөдөлмөрөө шингээсэн дарсаа нандигнан дээдэлж, тодорхой дэг жаягаар хэрэглэдэг энэхүү европ төдийгүй германы аж амьдрал соёлтой танилцаад ирсэн энэхүү аялал Монголчууд бидэнд их гүн сэтгэгдэл үлдээсэн дурсамжтай аялал болсон.Монголчууд бид цагаан сүүний айргаа өөрсдийн дэг жаягаар дээдлэн хэрэглэдэг шиг герман ард түмэн ч мөн адил усан үзмийн дарсаа нандигнан дээдлэж хэрэглэдэг гэхэд буруудахгүй болов уу.

Аяллын хөтөлбөрт тусгагдаагүй ч аяллын багийнхан мань Германы нийслэл Berlin болон Frankfurt хотуудаар аялж хөгжингүй улс орны соёлыг үзэж танилцсан бөгөөд герман улсаас Монголчууд бид нарт суралцах,үлгэр дууриал болгон хэрэгжүүлэх зүйлс их олон байгааг анзаарсан.

Монголчуудыг мань найрсаг зочиломтгой ард түмэн гэж ярьдаг шиг  Герман ард түмэн ч мөн адил их найрсаг, эелдэг дотно, өөдрөг үзэлтэй сайхан хүмүүс мэт санагдсан.

Төгсгөлд нь хэлэхэд ийм гайхалтай гүн сэтгэгдэл төрүүлэм аялалаар аялах боломж олгосон Герман дарсны фирм Langguth болон Everyday International компанидаа баярласан талархсанаа нийт аяллын багийн хамт олноос илэрхийлье!

Мөн герман ард түмний эелдэг, найрсаг зочиломтгой занг бидэнд мэдрүүлж чадсан, аяллыг зохион байгуулагч Ирина Речке эгчдээ баярлалаа.

2012.09.10

Wine surprise 2012 тэмцээний ялагч Дөлгөөн, Түмэндэлгэр нар.

http://www.bluenunwines.mn/

© 2012. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.